ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм Таны энэ өдрийн амар мэндийг эрэн мэндчилье.

 

Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 оны 11-р сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш даруй 68 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд манай хоёр улс гурван удаа найрамдлын гэрээ байгуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын даргын төвшинд 20 орчим харилцан айлчлалыг амжилттай зохион байгуулж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурь болсон 150 орчим гэрээ, хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд байгуулаад байна.

 

Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан манай хоёр орны хоорондын уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Вьетнамд ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, иргэддээ нээлттэй ойр байж, хуулийн хүрээнд бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллах зарчмыг баримтална.

Цаашид түүх, соёл, урлаг, зан заншлаараа дамжуулан улс орноо Вьетнамд сурталчлах, ард иргэдийн хооронд тогтсон найрамдал нөхөрлөлийг улам бэхжүүлэн бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлж, хоёр улсын бүхий л харилцааны гүүр нь болж ажиллахыг гол зорилгоо болгон манай ЭСЯ-ны хамт олон хичээн ажиллах болно.

Энэхүү завшааныг ашиглан манай ЭСЯ-ны цахим хуудсанд зочилсон Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ж.СЭРЭЭЖАВ