images

АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СЭРГЭНЭ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2023-01-12

74

Солонгос, Японы дэлгүүрийн эзэд, Тайландын аялал жуулчлалын автобусны операторууд, К-поп хамтлагууд болон Азийн бизнес эрхлэгчид бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятад Улс хилээ нээж, тус улстай бизнесийн харилцаагаа сэргээж байгааг тэмдэглэж байна.

Хятад Улс КОВИД-19 цар тахлаас өмнө дэлхийн аялал жуулчлалын хамгийн том зах зээл байсан бөгөөд одоогоос 3 жилийн өмнө хилээ хааснаас хойш жилд аялал жуулчлалын салбарт эргэлддэг байсан ойролцоогоор 255 тэрбум ам.доллар зах зээлийн эргэлтэнд ороогүйн улмаас аялал жуулчлалаас хамааралтай олон бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд хүрсэн байна.

Хятад Улс хилээ нээсээс нэг өдрийн дараа буюу энэ 1 дүгээр сарын 9-ний өдөр Тайландын Шадар сайд тус улсад хүрэлцэн ирсэн Хятад жуулчдыг Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтан авсан байна. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид Тайланд Улсад аялах Хятад жуулчдын тоо 2023 онд хоёр дахин нэмэгдэж, 10 саяд хүрч улмаар цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үед 11 саяд хүрч байсан тоон үзүүлэлттэй ойртоно гэсэн хүлээлттэй байгаа аж.

Аялал жуулчлалын вэб сайтын оператор Trip.com Group Ltd-ийн мэдээлснээр 2022 оны 12 дугаар сарын 26-наас 2023 оны 1 дүгээр сарын 5-ийг хүртэлх хугацаанд гадагш чиглэсэн хайлтын тоо өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад 83 хувиар өссөн байна. Тайланд, Япон, АНУ, Өмнөд Солонгос, Австрали, Макао, Сингапур, Хонгконг, Тайвань зэрэг улсууд руу чиглэсэн хайлт хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.