images

АСЕАН-Ы УЛС ОРНУУДАД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭР ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2023-03-18

74

Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам 2023 оны 3 дугаар 17-ны өдрийн Үндэсний Ассамблейн байнгын хорооны хуралдаанаар 2023 онд хэлэлцэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн жагсаалтад Иргэний улсын бүртгэл, иргэний үнэмлэх олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмж оруулах саналаа танилцуулав.

Хуралдааны үеэр Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам АСЕАН-ы гишүүн улс орнууд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд иргэдэд олгодог баримт бичгийн стандарт, харилцан зорчих баримт бичгийг нэгтгэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгааг дурдав. Бүс нутгийн улс орнуудын дотроос Сингапур, Малайз зэрэг улс энэ асуудлаар санал санаачилагатай ажиллаж байгааг тэрээр онцлов.

То Лам сайд Европын холбооны гишүүн улс орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчдог. Цаашид АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн улс орнууд тус загварыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна гэв. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө иргэн бүр цахим иргэний үнэмлэхтэй байх шаардлагатай байгаа аж.

Иргэний улсын бүртгэл, иргэний үнэмлэх олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор иргэний үнэмлэхийг бүрэн цахимжуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, захиргааны зардлыг бууруулах, тооноос чанарт шилжиж, үндэсний хэмжээнд дижитал шилжилт хийх Засгийн газрын зорилттой бүрэн нийцнэ хэмээн тэрээр мэдэгджээ.

Одоогийн байдлаар Вьетнам Улсад иргэний бүртгэлд хамрагдаагүй болон иргэний үнэмлэхгүй 3 сая гаруй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг байна.