ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ
2022-12-17
Тус ЭСЯ Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу БНСВУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлнэ.
ЭСЯ нотариатын үйлчилгээг шуудангаар, цахимаар эсвэл гуравдагч иргэнээр дамжуулан үзүүлэх боломжгүйг иргэд анхааралдаа авна уу. Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт явагдаж байгаа ба үүний тулд иргэд дараах https://e.notary.mn/consul/login цахим хаягаар өөрийгөө бүртгүүлж, нэвтрэх эрхээ авах шаардлагатай аж.
Цахим нотариатын эрх авсны дараа уг хаягаар нэвтэрч өөрт тохиромжтой итгэмжлэлийн загварыг бөглөн ЭСЯ-нд хянуулахаар илгээнэ. ЭСЯ-наас шаардлага хангасан иргэдийн итгэмжлэлийг хянасны дараа "QR код"-той зөвшөөрсөн (баталгаажуулсан) хувилбарыг буцаж илгээнэ. Иргэд зөвшөөрсөн итгэмжлэлийн хувилбарыг хэвлэн, өөрийн биеэр ЭСЯ-нд ирж баталгаажуулна.
Шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, итгэмжлэл хянуулахад анхаарах зүйлс:
- Бүртгэлийг зөвхөн кириллээр үйлдэнэ
- Заавал e-mail хаягтай байх шаардлагатай
- Хавсралт хэсэг хүчинтэй гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбарыг заавал оруулна.
- Итгэмжлэлийг үг үсгийн алдаагүй, агуулгыг ойлгомжтой, товч байдлаар оруулах.
- Эрх давхардуулж оруулах, бүх эрхийг чагтлахгүй байх (шилжүүлж байгаа эрхээ зөв сонгох)
- Хүний өмнөөс итгэмжлэл үйлдэх боломжгүйг анхаарах. (Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчийн нэрээр итгэмжлэл үйлдэнэ)
Итгэмжлэл гэрчлэхэд анхаарах зүйлс:
- Хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэхтэй ирэх
- ЭСЯ-ны консулын асуудал хариуцсан ажилтантай +84 24-38453009 эсхүл +84 917681888 утсаар холбогдож, урьдчилан цаг авсан байх.
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг болон эх хамтарч итгэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан эцэг/эх/-ийн хүсэлт.
- Хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн баримт бичиг.
- Орон сууц, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Үйлчилгээний хураамж 10 ам.долларыг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт (нотариатын үйлчилгээ тус бүр нь 10 ам.доллар.
Цахим нотариатын үйлчилгээ нэвтэрсэнтэй холбогдуулан ГХЯ 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн итгэмжлэлийг дамжуулж олгохоо больсон бөгөөд оронд нь хүлээн авах төлөөлөгч өөрт ойрхон байрлах нотариатчаас авах боломжтой болсон. Үүний тулд төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код эсвэл үсгэн кодыг төлөөлөгчид илгээх шаардлагатай аж. Дээрх кодоор дамжуулж нотариатч тухайн итгэмжлэлийг шүүж, хэвлэж баталгаажуулж өгснөөр итгэмжлэл хүчин төгөлдөр болно.
БАРИМТ БИЧГИЙН ҮНЭН ЗӨВИЙГ ГЭРЧЛЭХ
Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг ЭСЯ-ны Консулын хэлтэс дээр өөрийн биеэр ирж эсвэл шуудангаар авч болно. Хэрэв Та өөрийн биеэр ирэх бол урьдчилан +84 24-38453009 эсхүл +84 917681888 утсаар холбогдож, урьдчилан цагаа тохирсон байхыг зөвлөж байна.
Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Гэрчлэх баримт бичгийн эх хувь
- Үйлчлүүлэгчийн хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх эх хувиар, шуудангаар илгээсэн тохиолдолд эдгээр баримт бичгийн хуулбар (үндсэн мэдээлэл фото зурагтай, эзэмшигчийн гарын үсэгтэй хуудас болон сунгалт хийсэн хуудасны хуулбар)
- БНСВУ-д оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Баримт бичигийг болон баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 5 ам.долларыг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт
- ГХЯ-ны Консулын газраар дамжуулан авах бол бичгээр гаргасан хүсэлт
- Нотариатаар гэрчлүүлсэн баримт бичгийг буцаан илгээх бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй
Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх:
Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх тохиолдолд иргэн Та ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх болохыг анхаарна уу.
Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэнэ.