ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2022-12-17


Худалдаа
Худалдааны эргэлт:   
2021 оны жилийн эцсийн дүнгээр нийт худалдааны эргэлт 42.2%-аар өсч, 80.2 сая ам.доллар (Экспорт 0,5 сая ам.доллар, импорт 79,7 сая ам.доллар)-т хүрэв.
Хоёр орны хооронд хийгдсэн худалдаа 2000 оноос хойш:

2000-2004 онд 5.1 сая ам.доллар, 2004-2007 онд 13.1 сая ам.доллар, 2008 онд 7.7 сая ам.доллар, 2009  онд7.6 сая ам.доллар2010 онд 35.4 сая ам.доллар, 2011 онд 18.9 сая ам.доллар, 2012 онд 18.0 сая ам.доллар, 2013 онд 23.0 сая ам.доллар, 2014 онд 24.0 сая ам.доллар, 2015 онд 33.1 сая ам.доллар, 2016 онд 43.0 сая ам.доллар, 2017 онд 57.7 сая ам.доллар, 2018 онд  58.5 сая ам.доллар, 2019 оны жилийн эцсийн байдлаар 66.4 сая ам.доллар, 2020 онд 67.9 сая ам.доллар болж өссөн. 2021 оны жилийн эцсийн байдлаар 80,2 сая ам.доллар.
Хөрөнгө оруулалт
1990 оноос хойш Монголд Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгжийн 32.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн. Гол төлөв нийтийн хоолны салбарт 97,03%, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл 0,10%, эрүүл мэнд гоо сайхны үйлчилгээ 0,19%, бусад салбарт 2,3%-ийг тус тус эзэлж байна.
Голлох хөрөнгө оруулалт:
  • 1990 онд Хоёр талын тэнцүү хөрөнгө оруулалттайгаар Увс аймгийн Чигж гол дээр 200 квт-ын хүчин чадалтай УЦС-ыг/250-300 орчим мянган ам.доллар/, 
  • 1991 онд Мовимедимпекс эмийн үйлдвэрийг Улаанбаатарт байгуулсан.
  • 1999 онд Вьетнамын газрын тосны “Петровьетнам”, АНУ-ын СОКО компанитай хамтран Монголд газрын тосны хайгуул, олборлолтод  хөрөнгө оруулалт хийх тухай 3 талын гэрээнд гарын үсэг зурсан. СОКО компани Тамсагийн төслийг Хятадын ПетроЧайна компанид шилжүүлсэн. Вьетнамын  тал хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хийгдээгүй тул Тамсагийн төсөлд ПетроЧайна компанитай хамтран ажиллах боломжгүй байгааг ЭСЯ-нд мэдэгдсэн. Харин шинээр хайгуул олборлолтын талбайд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, нөөц бүхий талбайн холбогдох мэдээлэл өгөхийг хүссэн. АМГТХЭГ-т уг асуудлыг тавьсан. 
  • 2017 онд Монголын “Монополе Фармацеутикаль”, Вьетнамын  “Глобаль Нутришн” компаниуд биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бага оврын хамтарсан үйлдвэр /7 сая ам.доллар/ байгуулсан.
  • 2019 онд ШУА-ийн эм судлалын хүрээлэнгийн Элэгний эмний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон.
Зээл тусламж
Монгол Улсын Засгийн газар Вьетнамын ард түмэнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн /1956-1990 онд/ буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүний зэрэгцээ олон нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлж байсан. Мөн 1959 онд бэлэг болгон өгөхөөр тогтсон 100 мянган толгой малаас 15 мянгыг малаар нь өгч, үлдсэн 85 мянган толгой малын оронд 1,5 сая ам.долларын /750 мян. ам.долларыг бэлнээр/ тусламжийг 1982 онд үзүүлсэн. Уг тусламжаар вьетнамын тал Пакистан Улсаас мах, сүүний “Сингх” үржлийн 200 үхэр худалдан авчээ.
 
  • Вьетнамын Засгийн газар Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 1993 онд 200 мянган ам.доллар, ой хээрийн түймрийн хор хохирлыг арилгахад зориулж 15 мянган ам.долларын тусламж өгсөн.
  • 2001 онд манай оронд нүүрлэсэн зудын гамшгийг даван туулахад зориулж 2000 тн цагаан будааны тусламж өгсөн.
  • 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр 10-20 оюутныг хүлээн авч сургах болсон.
  • 2010 онд Вьетнамын Засгийн газар 1000 тонн цагаан будаа, 300 мянган ам.долларын түргэн тусламжийн автомашинуудыг Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгосон.  
  • 2017 онд Хо Чи Мин-ийн нэрэмжид 14 дүгээр дунд сургуульд 20 ширхэг компьютер, 2 мянган ам.доллар хандивласан байна.
  • 2004 онд 300 ширхэг компьютер, УИХ-ын мэдээллийн төвийг сайжруулахад зориулж 10 мянган ам.доллар, Монгол Улсын Аудитийн газарт 7 мянган ам.долларын техник хэрэгслийн тусламж олгосон.