ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ДЭД САЙД ЧАН КУОК КХАНЬ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж бэхжүүлэхийг эрмэлзэж ирснийг тэмдэглээд, Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Чан Куок Кханын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэв.
Монгол, Вьетнамын хооронд худалдааны эргэлт өсөх хандлагатай байгаа боловч удаашралтай, хязгаарлагдмал хэмжээнд, гол төлөв вьетнамын талаас урсгалтай байгаа тул худалдааг хоёр талын урсгалтай болгоход манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан болон хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох яамдын харилцааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань 8 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон зарим үйлвэрийн газартай танилцах юм.