БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэр ложистикийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой саад бэрхшээлийг даван туулах, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нийлүүлэлтийг харилцан баталгаажуулах, хамтран ажиллах боломжтой салбар, чиглэлийн талаар санал солилцлоо.
Вьетнам нь хүнс импортлогч улс байснаа одоо дэлхийн 3 дах том цагаан будаа экспортлогч улс болж, хүнс, эрчим хүчний хангамжийг дотооддоо бүрэн шийдсэн, экспорт, импортын хэмжээгээр дэлхийн эхний 20-д ордог болсон бөгөөд Ковид-19 цар тахлын үед экспорт, импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 2%-д барьж чадсан цөөн улсын нэг юм.
Талууд цаашид хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан зах зээлийн боломжийг судлах, хөрөнгө оруулалт хийхэд дэмжин ажиллах, Вьетнамын бусад улс орон, бүс нутгийн хэмжээнд чөлөөт худалдааны 15 хэлэлцээр байгуулсан туршлага, үр дүнгээс хуваалцах, БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, сүлжээг нэмэгдүүлэх 3 талын уулзалт хийх, хоёр яам хооронд байнгын харилцаатай хамтран ажиллахаар тохиролцлоо.