БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул болон Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хатагтай Нгуен Тхи Тует Минь тэргүүтэй бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хүлээн авч уулзлаа.
Манай хоёр улс эртнээс уламжлалт найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт хөгжүүлсээр ирсэн. Монгол Улсаас Вьетнам Улс руу 2022 оны 8 сарын байдлаар 33.8 мянган ам.долларын үнийн дүнтэй малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам Улсаас мөн хугацаанд цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 25.7 сая ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн импортолсон байна.
Энэхүү хамтарсан уулзалтад Вьетнамын худалдаа, хүнс, эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын 12 компанийн төлөөлөл, Монголын 30 орчим бизнес эрхлэгч оролцож хамтын ажиллагааны сонирхлоо илэрхийлсэн юм.
МҮХАҮТ-ын зүгээс цаашид БНСВУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо.