images

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМД ХООРОНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-09-14

76

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун энэ 9 дүгээр сарын 14-нд Төрийн ордонд БНСВУ-ын Хөдөө ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-тай уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Вьетнамын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хоёр талын харилцаанд чухал байр суурь эзэлж ирснийг онцолж, өөр өөрийн улс орны хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцох замаар энэ салбар дахь хөгжлийн бодлогоо уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг боломжит бүхий л хэлбэрээр хөгжүүлэхээр тохиролцов.

Талууд дээрх зорилтын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан ба энэхүү баримт бичгийн хүрээнд мал эмнэлэг, хорио цээрийн салбарт шууд хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг бэхжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар болов.