БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНСВУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ
БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Фан Ван Зианг-ийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны 12 дугаар сарын 6-8-ний өдрүүдэд Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийв. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Вьетнамын Үндэсний батлан хамгаалахын сайд Фан Ван Зианг-тай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-д бараалхлаа.
Албан ёсны хэлэлцээний үеэр Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дүгнэж, 2019 онд байгуулсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Вьетнам Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалж, цэргийн сургалт, цэргийн эмнэлэг, анагаах ухаан, соёл урлаг, цэргийн биеийн тамир зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн туршлагаасаа хуваалцах зэргээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь-д бараалхах үеэр Вьетнам Улс нь Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг, бүс нутаг дахь чухал түнш гэдгийг онцолж, цаг хугацааны шалгуурыг давсан Монгол, Вьетнамын харилцааны түвшинг шат ахиулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид тус улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Вьетнамын батлан хамгаалахын олон улсын үзсэгэлэн-2022” арга хэмжээнд оролцов.