БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НГУЕН СУАН ФУК-ИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Вьетнамын Коммунист Намын XIII Намын төв хороо хуралдаж, Ерөнхийлөгч Нгуен Суан Фук-ийг Улс төрийн товчооны гишүүн, ВКН-ын XIII Төв хорооны гишүүн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь Вьетнам Улсын нам, төр, засгийн гол удирдагчдын нэг юм. Тэрээр хувьсгалч гэр бүлд төрсөн бөгөөд анхан шатны боловсрол эзэмшихээс эхлэн нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед өсч хүмүүжсэн. Намын Төв хороо, Улс төрийн товчооны томилолтоор нам, төрийн өндөр үүрэг хариуцлага бүхий дээд, өндөр түвшний удирдах албан тушаал хашсан болно.
Ерөнхийлөгч Нгеун Суан Фук нь 2016-2021 оны хугацаанд Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хянах ажлыг удирдан зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, чухал үр дүнд хүрсэн хэдий ч түүний шууд удирдлагад ажиллаж байсан Засгийн газрын гишүүд (хоёр Шадар сайд, салбарын гурван сайд), доод шатны бусад албан тушаалтнуудын гаргасан алдаа дутагдал, зөрчилд улс төрийн хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Дээрх шалтгааны улмаас Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нам, төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан огцрох өргөдлөө сайн дураараа өгчээ. Намын Төв хорооноос ВКН-ын дүрмийн дагуу Ерөнхийлөгч Нгуен Суан Фук-ын хүсэлтийг харгалзан үзэж, түүний Улс төрийн товчооны гишүүн, Намын XIII Төв Хорооны гишүүн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох саналыг дэмжлээ.