ВЬЕТНАМЫН КОФЕ ФЕСТИВАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
БНСВУ-ын Шадар сайд Чан Лүй Куанг, Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ле Хоай Чүнг тэргүүтэй нам, төрийн удирдагчид 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 8 дахь удаагийн Кофе фестивалийн нээлтэд оролцов.
БНСВУ-д суугаа Монгол, Армени, Мораккогийн Элчин сайд нар, ОХУ, Куба, Лаос, Камбожийн Ерөнхий консул, Ангол, Казахстан, Энэтхэгийн Элчин сайдын яамдын төлөөлөл болон Дак Лак мужтай хамтын ажиллагаа тогтоосон БНСУ-ын Жёонбүк , Лаосын хойд хэсгийн 4 муж, Камбожийн 1 муж, манай улсын Орхон аймгийн төлөөлөгчид уг фестивалд оролцож байна. Фестивал 3 дугаар сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилж байна.
“Вьетнам кофений нийслэл” гэж хэлэгддэг Дак Лак муж нь улсын хэмжээнд хамгийн том буюу 204,000 гаруй га талбайд кофений тариалан эрхлэж, жилд дундажаар 450,000 тонн кофе хураан авдаг бөгөөд Вьетнамын кофений 40 орчим хувийг бүрдүүлдэг.
Хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд манай улсын Орхон аймаг, Дак Лак мужтай хамтын ажиллагааны Санамж бичиг 2019 онд байгуулсан ба 2 дахь удаагаа кофе фестивалд оролцож байна.