ВЬЕТНАМД ШАТАХУУНЫ ҮНЭ ОГЦОМ НЭМЭГДЭВ
2023 оны 3 дугаар 13-ны өдрийн 15.00 цагаас эхлэн Вьетнам Улсад нэг литр шатахууны үнэ төрлөөсөө хамаарч литр тутамдаа 380-490 донгоор, газрын тос буюу шатах, тослох бүтээгдэхүүний үнэ 240-720 донгоор тус тус нэмэгдсэнийг Аж үйлдвэр, худалдааны яамнаас мэдээлэв.
Тодруулбал, E5 RON 92 бензиний үнэ литр тутамдаа 380 донгоор нэмэгдэж 22,800 донг, RON 95 бензиний хувьд 490 донгоор нэмэгдэж 23,810 донг болж тус тус өсөв. Үүний зэрэгцээ дизель түлшний үнэ мөн адил литр тутамдаа 250 донгоор нэмэгдэж, 20,500 донг болж өссөн байна.
2023 он гарснаас хойш Засгийн газраас шатахуун болон шатах тослох матиериалын үнэд нийт 8 удаагийн зохицуулалт хийснээс 5 удаа үнийн өсөлт ажиглагдаж, 2 удаа буурч, 1 удаа харьцангуй тогтовортой байсан гэсэн үзүүлэлт гарсан байна.
Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Сангийн яамнаас мэдээлснээр сүүлийн 12 хоногт дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ төрлөөсөө хамаарч 2.3-6.8 хувиар өсчээ. Тухайлбал, нэг баррель тутамдаа RON 92 шатахууны үнэ 96.36 ам.доллар, RON 95 шатахуун 100.25 ам.доллар болж тус тус өссөн нь энэ 3 дугаар сарын 1-ний өдрийн ханштай харьцуулахад ойролцоогоор 2.4 хувиар өссөн аж. Харин нэг баррель дизель түлшний хувьд 1.8 хувиар өсч, 104.33 ам.долларт хүрэв. “Мазут”-ийн хувьд хамгийн ихээр өссөн буюу 6.8%-иар өсч 453.49 ам. долларт хүрсэн байна.