images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧЛАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2024-03-18

135

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалайхан, Вьетнамын Ерөнхий Прокурор Ле Минь Чи нар

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ардын дээд Прокурорын Ерөнхий Прокурор Ле Минь Чи-гийн урилгаар 2024 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийв.

Албан ёсны хэлэлцээ

Хоёр улсын Ерөнхий Прокурор нар 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий Прокурорын хувиар хийж буй энэ удаагийн айлчлал нь прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны орчин цагийн үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

 

Вьетнамын Ерөнхий Прокурор Ле Минь Чи 2014 онд байгуулсан БНСВУ-ын Ардын дээд Прокурорын газар болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талуудын гишүүнчлэлээр элссэн Олон Улсын Прокурорын холбоо”, “Зүүн өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ” зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

 

Талууд Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 3 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар тогтов. Түүнчлэн хоёр орны прокурорын байгууллага хооронд хамтран ажиллах тухай богино болон дунд хугацааны хөтөлбөр баталж, цаашид мэдээлэл, туршлага солилцох, харилцан уулзалт, сургалт зохион байгуулах, цахим уулзалт хийх зэргээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалайхан, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-д бараалхаж, Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааны ач холбогдол, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нотолж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг цаашид шат ахиулан хөгжүүлэх, Прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа бэхжсэнээр хоёр орны иргэдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцолж, Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун мэндчилгээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, энэ онд тохиох Вьетнам, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалайхан, Вьетнамын Ардын дээд шүүхийн

Ерөнхий шүүгч Нгуен Хоа Бинь нар

Айлчлалын хүрээнд 3 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Вьетнамын Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Нгуен Хоа Бинь-тэй уулзаж, хоёр орны хууль, эрх зүйн чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.