ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ДАК ЛАК МУЖИД АЖИЛЛАВ
Элчин сайд Г.Хулан 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Вьетнамын Дак Лак мужид ажиллаж, тус мужийн Ардын зөвлөлийн дэд дарга Дао Ми-тэй уулзав.
Уулзалтаар Дак Лак муж нь Вьетнамын кофе үйлдвэрлэлийн төв, олон үндэстэн ястны өвөрмөц соёл, байгалийн өв, экологийн аялал жуулчлалаараа улсдаа төдийгүй олон улсад танигдсан бүс нутаг болохыг Элчин сайд дурдаж, орон нутгийн харилцаа, түүний дотор Орхон аймаг болон Дак Лак муж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцав.

Мөн үеэр Элчин сайд Г.Хулан Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын мэндчилгээг уламжилж, ирэх 7 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд болох Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын арга хэмжээний урилгыг гардуулав. Вьетнамын тал урилгыг талархан хүлээн авч, ойн баярт албан ёсны төлөөлөгчдөө оролцуулахаа илэрхийлэв.

Ардын зөвлөлийн дэд дарга Дао Ми тус улсад хэрэгжүүлсэн засаг, захиргааны шинэчлэлийн хүрээнд Дак Лак, Фу Иен мужуудыг нэгтгэснээр газар нутаг, хүн амын тоо хэмжээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ боломжууд нээгдэж буйг тэмдэглээд Монголын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн зах зээлийг судалж, өргөнөөр оролцохыг урив.
“Орхон аймаг, Дак Лак мужийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2024 онд байгуулсан.