МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА
Вьетнамын Фу То мужийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Буй Ти Минь тэргүүтэй тус мужийн Ардын зөвлөлийн төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Төв аймагт айлчилж байна.
Энэ хүрээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд Фу То мужийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Буй Ти Минь нар хэлэлцээ хийж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Талууд “Хамтран ажиллах тухай Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Фу То мужийн Ардын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулах, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр туршлага солилцох, худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжихээр тохиролцов.
Мөн иргэдийн солилцоог идэвхжүүлж, аялал жуулчлалыг өргөжүүлэх, хамтарсан сургалт, семинар, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Фу То муж нь 4 сая гаруй хүн амтай, Вьетнамын хойд бүсийн хөгжиж буй томоохон мужуудын нэг бөгөөд 2025 онд эдийн засгийн өсөлт 10.52 хувьд хүрч, орон нутгийн ДНБ нь 16 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус муж нь аж үйлдвэрийн дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж буйгаар онцлог юм.
Төв аймаг 2018 онд Фу То муж (хуучнаар Хоа Бинь)-тай ах дүүгийн харилцаа тогтоосон.
