ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУЖ БАЙСАН АХМАД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр БНСВУ-аас Монгол Улсад сууж байсан ахмад Элчин сайд нарыг хүндэтгэн хүлээн авч, нөхөрсөг зоог барив.
Уулзалтаар Элчин сайд Г.Хулан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, өргөжүүлэн бэхжүүлэхэд Элчин сайд нарын оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, энэхүү нандин харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн арвин туршлагаа цаашид ч харамгүй хуваалцан, хамтын ажиллагааны гүүр болон дэмжиж ажиллахыг хүсэв.
Элчин сайд нар Г.Хулан Элчин сайдад амжилт хүсээд Монгол Улсыг өөрсдийн хоёр дахь эх орон хэмээн үздэгээ онцлон тэмдэглэж, Монголын уудам тал нутаг, үзэсгэлэнт, онгон дагшин байгаль нь тэдний сэтгэл зүрхэнд үргэлж нандин дурсамж болон оршдгийг дурдан Монгол, Вьетнамын харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд цаашид ч бүхий л сэтгэл зүтгэлээ зориулан, өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ илэрхийлэв.


Уулзалтад Элчин сайд Хоанг Дуан Тинь (2010-2014), Элчин сайд Фан Данг Дыөнг (2014–2017), Элчин сайд Доан Ти Хыөнг (2017–2020) нар оролцов.