ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН БНСВУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА
БНСВУ-ын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хуланг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүнчлэн тээвэр логистикийн холболтыг сайжруулах чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Мөн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний харилцан айлчлалын агуулга, бэлтгэл ажлын талаар санал солилцож, хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тогтов.
Гадаад хэргийн яамд хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, ахмад, дунд болон залуу үеийн дипломатчдын солилцоог дэмжих, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар үр дүнтэй ярилцав.