images

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН НИНЬ БИНЬ МУЖИД АЖИЛЛАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2026-06-03

2

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нинь Бинь мужид ажиллаж, тус мужийн Намын хорооны Байнгын гишүүн, Ардын хорооны дэд дарга Данг Тань Сөн-тэй уулзав.

Энэ үеэр Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, Монгол Улсын ижил төстэй аймагтай ах дүүгийн харилцаа тогтоох боломж, соёлын өв, аялал жуулчлал, боловсрол, залуучуудын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Элчин сайд Г.Хулан тус мужид зохион байгуулагдаж буй “ЮНЕСКО-гийн баримтат өвөд хүрэх замнал – Нон Ниок уулын Ма Ниай хадны бичээсүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. Уг хурал нь XIV–XX зууны үеийн Ма Ниай хадны бичээсүүдийг ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн “Дэлхийн дурсамж” (MOWCAP) хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан юм.

Нинь Бинь муж нь Вьетнамын эртний нийслэл Хоа Лы болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Чанг Ан цогцолбороороо алдартай, түүх, соёлын өв болон тогтвортой аялал жуулчлалын хөгжлөөрөө Вьетнамын тэргүүлэх бүс нутгийн нэг юм.