Вьетнамын удирдагчид ойрын хугацаанд хийх томоохон ажлын талаар хэлэлцэв
ВКН-ын ЕНБД Нгуен Фу Чонг энэ сарын 10-нд үндэсний гол удирдагчдын хурлыг даргалан хуралдуулж, 2022 оны эхний 2 сарын дотоод болон гадаадын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, ойрын хугацаанд хийх томоохон ажлуудыг тоймлов. Хуралд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, Ерөнхий сайд Фам Минь Чинь, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралд оролцогчид “Вьетнам Улс ойрын хугацаанд олон сорилт, хүндрэлтэй тулгарах магадлалтай, тэр дундаа тахал өвчин, дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын урьдчилан тааварлашгүй өөрчлөлтүүд, мөн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, инфляцийн дарамт, бараа бүтээгдэхүүн, нефтийн үнийн өсөлт зэрэг нь улс орны нийгэм, эдийн засгийн сэргэлт, хөгжлийг удаашруулж болзошгүй. Тиймээс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, үнэн зөв дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд зөв бодлого боловсруулах шаардлагатай” хэмээн онцолсон байна. Мөн инфляцийг барьж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд үнийн уян хатан зохицуулалтаар шатахууны нийлүүлэлтийг хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.
ЕНБД Нгуен Фу Чонг аялал жуулчлалыг сэргээж, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэн хэлээд Украин дахь Вьетнамын иргэд, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллахыг ВКН-ын төлөөлөгчдөд үүрэг болгов. Мөн хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлэх, авлигын хэргүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, авлигатай тэмцэх ажлыг цаашид эрчимжүүлэх ёстойг онцолсон байна.