images

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук Сингапурт албан ёсны айлчлал хийж байна

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-02-25

140

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук БНСУ-ын Ерөнхийлөгч Халима Яакоб-ын урилгаар 2022 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Түүнийг ЕТГ-ын дарга, Батлан хамгаалах, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Мэдээлэл, харилцаа холбоо, Аж үйлдвэр, худалдааны сайд нар дагалдаж байна. Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Фукийн 2022 онд хийж буй анхны гадаад айлчлал, Сингапурын хувьд “Ковид-19” цар тахлаас хойш хүлээн авч буй гадаадын төрийн анхны тэргүүн юм. 2023 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж буй энэ үед чухал ач холбогдолтой болж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тус улсын Ерөнхийлөгч Халима Яакоб-тай хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ли Сяньлун, Сингапурын Парламентын дарга Тан Чуан Жин нарыг хүлээн авч уулзана. Мөн хоёр улсын яам, аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, мэдээлэл харилцаа холбоо, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулна. Ерөнхийлөгч Нгуен Суан Фук Вьетнам-Сингапурын бизнесийн чуулга уулзалтад оролцох ба Сингапурын тэргүүлэх ААН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзахаар төлөвлөөд байна.

Коронавируст халдвар тархсан хэдий ч хоёр орны худалдааны нийт эргэлтийн хэмжээ 2021 онд 8.3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.3%-иар, 2022 оны 1 дүгээр сард худалдааны эргэлт 783.9 сая ам.долларт хүрч, 2021 оныхоос 6.8 %-иар тус тус өсчээ. 2022 оны 2-р сарын байдлаар Сингапур нь Вьетнамд 66 тэрбум ам.долларын 2860 төсөл хэрэгжүүлж байгаа нь АСЕАН-ны хамгийн том хөрөнгө оруулагч төдийгүй Вьетнамд хөрөнгө оруулалт хийж буй 140 улс, нутаг дэвсгэрээс 2 дугаарт жагсаж байна.

Дэлхийн хэмжээнд олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Ерөнхийлөгч Фук-ийн айлчлал нь хоёр орны харилцан ойлголцол, эв найрамдал, харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгааг нотолж байгаа төдийгүй олон улсын хэмжээнд найрсаг харилцаа, харилцан итгэлцэл хичнээн чухал болохыг харуулж байна гэж Вьетнам болон Сингапур улсын судлаачид дүгнэж байна. Одоогийн байдлаар Вьетнам, Сингапурын хооронд 7 хоногт 14 удаагийн тогтмол арилжааны нислэг хийгдэж байгаа аж