Вьетнам 2022 онд үйл ажиллагааг нь хэвийн болгох тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов.
Вьетнамын 2022 онд үйл ажиллагааг нь хэвийн болгох тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын жуулчдыг хүлээн авах, сурагчид сургуульдаа явах, олон улсын арилжааний нислэгийг сэргээх багтаж байна.
Вьетнамын Засгийн газраас энэ оны эхэнд Бээжин, Гуанжоу, Токио, Сөүл, Тайбэй, Бангкок, Сингапур, Вьентьен, Фхномпень, Сан Франциско/Лос Анжелес чиглэлүүдийн нислэгийг нээх шийдвэрийг гаргасан бол Уламжлалт Цагаан сарын баярын өмнө Вьетнамын агаарын тээврийн компани Австрали, Англи, Франц, Герман руу хэд хэдэн шууд нислэг үйлдсэн. Цагаан сарын баярын дараагаас Bamboo Airways Герман, Их Британи, Австрали руу шууд нислэгийг тогтмол үйлдэхээр болов.
Вьетнамын Боловсрол, сургалтын яамнаас энэ оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Цагаан сарын баярын дараагаас буюу 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн оюутан, сурагчдын хичээлийг танхимын сургалтад шилжүүлэх шийдвэр гаргав. Чингэхдээ, нийт 63 муж, хотод дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын 100% нь хэвийн буюу танхимын хичээлдээ эргэн орно. 57 муж, хотод бага, дунд ангийн сурагчид, 51 муж, хотод сургуулийн өмнөх сургалтад хамрагдах суралцагсад танхимаар хичээллэх аж. Харин их, дээд сургууль, коллежийн 91 орчим хувь нь танхимын сургалт зохион байгуулахаар төлөвлөж, Ханой, Хочиминь хотын боловсролын байгууллагууд оюутан, сурагчдад танхимын хичээл эхлэх хуваарийг зарлаад байна.
Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь энэ оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Аялал жуулчлалыг эхлүүлэх” чиглэлийг холбогдох яамдад өгөв. Энэ оны 4 дүгээр сарын 30-наас оройтохгүй эхлүүлэх, чингэхдээ хамгийн эрсдэл багатай зохион байгуулалтад шилжихийг онцгой анхаарахыг төрийн байгууллагуудад үүрэг болгов.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт олон улсын аялал жуулчлалыг нээх замын зураглалыг танилцуулсан ба, 3 дугаар сарын 30-н хүртэл туршилт явуулах, орон нутгийн жуулчдыг зөвхөн ногоон бүст хүлээн авахаар төлөвлөсөн байна. Вьетнамд ирэх жуулчид зочид буудалдаа Ковид-19 халдварын шинжилгээнд хамрагдсны дараагаар үйл ажиллагаа нь эхэлсэн бүсүүдэд аялах боломжтой байх аж. Мөн 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус улс нь олон улсын жуулчдыг хүлээн авч, дотоодын аялагчдаа гадаадад аялах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Хилээр нэвтрэх жуулчдын хувьд Ковид-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунтай, 72 цагийн дотор хийгдсэн ПГУ шинжилгээний сөрөг хариутай, 50.000 ам.доллар хүртэлх төлбөр барагдуулах боломжтой эрүүл мэндийн хариуцлагын даатгалтай байх шалгуурыг тавих ба хүүхэд, насанд хүрсэн иргэдэд тусгайлсан журамтай байх аж