images

ЭЛЧИН САЙД Ж.СЭРЭЭЖАВ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2021-12-31

142

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүкт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Элчин сайдыг Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүкт хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Ж.Сэрээжав Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нгуен Суан Фүкт уламжилж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Нгуен Суан Фүк хоёр улсын найрсаг, уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв.