ВЬЕТНАМ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН 2021-2026 ОНЫ ТАВДУГААР ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн 5 дах удаагийн их хурал энэ сарын 21-ний өдөр Ханой хотноо зохион байгуулагдав. Их хурлаар 2016-2021 оны нийгэмлэгийн үйл ажиллагааны 5 жилийн тайланг хэлэлцэж, 2021-2026 оны нийгэмлэгийн удирдах зөвлөлийг нийт 31 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгож, нийгэмлэгийн тэргүүнээр БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн Дэд сайд Чан Тхань Нам шинээр сонгогдов. Нийгэмлэгийн 5 дугаар их хуралд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тхань Нам, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Нгуен Фыөнг Нга, Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн үе үеийн удирдлагын төлөөлөл, БНСВУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын төлөөлөл, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг вьетнамын төлөөлөл болон Монгол Улсаас БНСВУ-д суух Элчин сайд Ж.Сэрээжав, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Дашцэвэл /цахимаар/ урилгаар оролцлоо.
Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн 5 дах удаагийн их хурлаар нийгэмлэгээс 2021-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны голлох чиглэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Нэгдүгээрт, Вьетнамын улс төр, нийгэм-эдийн засаг болон бусад салбарын талаарх мэдээ, мэдээллийг хүргэдэг, хоёр улсын харилцаан дахь уламжлалт бөгөөд сайн оролцогч тал байх; Хоёрдугаарт, Вьетнамын болон Монголын Элчин сайдын яамдтай ойрхон ажиллаж, найрсаг хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчлэн 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах; Гуравдугаарт, Ханой хотын Чү Ван Ан болон Улаанбаатар хотын 14 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх; Дөрөвдүгээрт, урлаг, соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах хоёр улсын ард иргэдийн хооронд эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааны гүүр болон ажиллах асуудлыг нэн тэргүүнд анхаарч, шинэлэг байдлаар ажиллахаа найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ХААХХ-ийн дэд сайд Чан Тхань Нам илэрхийллээ.
Эх сурвалж: https://vnanet.vn