images

ВЬЕТНАМ УЛСАД СУРЧ, АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗСАН ТУХАЙ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2021-12-26

152

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Ханой дахь ЭСЯ Вьетнам Улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээ энэ сарын 26-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав. Уулзалт арга хэмжээг Элчин сайд Ж.Сэрээжав нээж, хүрэлцэн ирсэн иргэд, оюутнуудад Монгол Улсын өнөөгийн байдал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулж, ЭСЯ-ны зүгээс иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авдаг, иргэдтэйгээ ойрхон ажиллаж, иргэдийн тавьж байгаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байхад анхаарахаа мэдэгдэв.

Хоёр улсын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын тэтгэлгээр Ханой хотод суралцаж байгаа 14 оюутан залуус, тус хотод ажиллаж, амьдарч байгаа 4 иргэн арга хэмжээнд оролцлоо. Ковид-19 цар тахалтай холбогдуулан Вьетнам дахь монгол иргэд нутаг буцаж сүүлийн 2 жилийн хугацаанд цөөрсөн бөгөөд одоогийн байдлаар Вьетнамд Монголын нийт 36 иргэн сурч, ажиллаж амьдарч байна.

Уулзалт арга хэмжээний үеэр монгол оюутнуудын төлөөлөл монгол бүжгийн үзүүлбэр үзүүлсэн бол уулзалтын төгсгөлд оюутнууд Вьетнам дахь Монгол оюутны зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэж, оюутны зөвлөлийг уламжлал ёсоор 5 оюутны төлөөлөлтэй байлгахаар санал хураалга явуулан Ханойн Тайз, дэлгэцийн урлагийн Их сургуулийн 2-р курсын оюутан Э.Дөлгөөнийг Оюутны зөвлөлийн даргаар сонгож, ойрын үед хийх ажлаа төлөвлөжээ. Мөн Ханойн Эм зүйн Их сургуулийн төгсөх курсын оюутан Д.Лхагвадулам ЭСЯ-ны номын санд өөрийн уншиж, ашиглаж байсан 6 номоо дурсгал болгон үлдээв.