Вьетнам, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг 10 хувиар өсгөхөөр тохиров
Эх сурвалж: https://vietnamnews.vn
Ханой хотноо 2022.01.10-нд болсон Вьетнам, Лаосын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны 44 дүгээр хуралдааны үеэр Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь, Лаосын Ерөнхий сайд Фанхам Вифаван нар 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Талууд 2022 онд хоёр талын худалдааны эргэлтийг 10 хувиар нэмэгдүүлэх зорилгоор улс төр, дипломат харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хөрөнгө оруулалт, худалдааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна. Удирдагчид хамтарсан тунхаглал, хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч хүний нөөцийг сургах хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орныг холбох тээврийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, усны нөөц болон байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жил, Вьетнам Лаосын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 45 жилийн ойг тохиолдуулан “Вьетнам-Лаос, Лаос-Вьетнам найрамдал, эв нэгдлийн жил-2022” болж байгаагаараа онцлог юм.