images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ №02

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-01-12

169

Үндэсний Ассамблей 2022-2023 онд эдийн засгийг сэргээх  15 тэрбум ам.долларын хөтөлбөрийг батлав

Эх сурвалж:  https://vietnamnews.vn/

Мягмар гарагт Вьетнамын Үндэсний Ассамблейн ээлжит бус чуулганаар 2022-2023 оны нийгэм, эдийн засгийг сэргээх 350 их наяд донг буюу ойролцоогоор 15 тэрбум ам.долларын хөтөлбөрийг дэмжих тогтоолыг батлав. Хуралдаанд оролцсон 426 гишүүдээс 424 нь тогтоолыг дэмжсэн байна. Хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх, тахал өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан эдийн засгийг дахин нээх (60 их наяд донг), нийгмийн халамжийг хангах, ажлын байр бий болгох (53,15 их наяд донг), аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжих (110 их наяд донг), дэд бүтцийг хөгжүүлэх (113.85 их наяд донг), институцийн болон захиргааны шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэсэн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүг бууруулах (жилд 2 хувь), 40 их наяд донгийг арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох гэж тусгажээ. Тээвэр, мэдээллийн технологи, дижитал өөрчлөлт, усан сан бүхий газрын аюулгүй байдлыг хангах, байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан улсын төсвөөс 113.55 их наяд донгийн хөрөнгө оруулалт хийхээр мөн тогтов. Тус улсын интернетийн дэд бүтцийг сайжруулахад ойролцоогоор 5 их наяд донгийг тусгасан нь ядуу иргэд болон оюутнуудыг интернетийн холболт, компьютерээр хангахад зарцуулагдах аж. Ковид-19-ийн улмаас ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн, ялангуяа хөдөө, алслагдсан тосгон сууринд амьдарч буй хүүхдүүдийг зайн болон цахим сургалтад хамруулах асуудал чухал болоод байна. Энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд Үндэсний Ассамблей ирэх хоёр жилийн хугацаанд улсын төсвийн алдагдлыг жилийн ДНБ-ий дунджаар 1-1.2 хувиар буюу нийт 240 их наяд донг (10 тэрбум ам.доллар) хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцов.
2021 онд Вьетнам Улсын ДНБ-ийн өсөлт 2.58%-тай гарсан нь сүүлийн арван жилийн хамгийн доод үзүүлэлт аж.