images

Зөвлөмж хүргүүлэх тухай

ЭСЯ-НЫ ЗАРЛАЛ

2022-01-20

131

Юуны өмнө Монгол Оюутны зөвлөлд болон тус суралцаж байгаа нийт оюутнуудад шинэ оны мэнд хүргэж, хичээл сурлагын амжилт хүсье.

Бидний ажиллаж, амьдарч байгаа Вьетнам Улсад Ковид-19 халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, өнгөрсөн 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ноос энэ сарын 02-ны хооронд нийт 111.367 тохиолдол бүртгэгдсэн бол энэ сарын 06-ны байдлаар Ханой хотод 2716, Хочиминь хотод 442 шинэ тохиолдол бүртгэгджээ. 2022 оны эхний өдрөөс эхлэн тус улс хилээ нээсэн.

Дэлхийн улс орнууд Ковид-19 халдварын омикрон хувилбарын тархалттай тэмцэж байгаачлан Вьетнам нь халдварын уг хувилбарыг хүн амынхаа дунд тархаахгүйн төлөө, цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хилээр нэвтэрсэн иргэнээс уг хувилбар илэрч, нийтдээ омикроны 25 тохиолдолд тусгаарлагдаж байсан иргэдээс илрээд байна. Энэ сарын 06-ны өдөр тус улсын Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд омикрон хувилбар тархах магадлал тун өндөр гэдгийг мэдэгдэв. Тиймээс оюутан, суралцагсад Та бүхнийг анхаарал болгоомжтой байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг хүсч байна.

Омикрон хувилбарын халдварлах чадвар болон хүндээр өвчлүүлэх чадвар нь бусад хувилбаруудаас өндөр ба Ковид-19 халдвараар өвчилж эдгэсэн хүн ч омикрон хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэй гэсэн урьдчилсан судалгааны дүн гарсан. Оюутан та бүхэн Ковид-19 халдварын вакцины 3 дахь тундаа шуурхай хамрагдахыг зөвлөж байна. Хэрэв ямар нэгэн эрсдэлд өртсөн тохиолдолд сурч байгаа сургууль болон амьдарч байгаа оюутны байрныхаа холбогдох ажилтнуудад цаг алдалгүй мэдэгдэж, Элчин сайдын яамтайгаа холбоотой байхыг хүсье /Холбоо барих утас: 0901757164, цахим шуудан: [email protected]/.

Мөн тус улсын Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа 5К дүрмийг сайтар баримтлаж, өөрийн үнэтэй эрүүл мэндээ хамгаалахыг хүсье.

* Амны хаалт зүүх    * Гараа ариутгах     * Хүн хоорондын зай барих 
* Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх    * Өөрийн эрүүл мэндээ хянах 

ХАНОЙ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ